-1

“Эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлыг иргэд харьцангуй ойлгодог болсон”

2016-10-17 00:00:00    |   112

Төслийг санаачлагч Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага "Жайка” болон Монгол Улсын Дээд Шүүхтэй хамтран "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг 2010-2015 онд хэрэгжүүлсэн байдаг бөгөөд эдүгээ хууль нь батлагдан Монгол Улсад амжилттай хэрэгжээд явж байна. Тухайн хуулыг 2012 оны 05 сарын 22-ны өдөр баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн билээ.

Ийнхүү хууль батлагдсанаар аливаа хэрэг, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.Түүнд нь эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлж, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай талуудын ашиг сонирхолд нийцсэн сайн шийдлийг олоход нь дэмжлэг өгөх зорилготой юм.

Эв эеийг эрхэмлэх нь Улс үндэстэн, хүмүүсийн харилцааны нандин чанар байдаг. Хүмүүс маргаан, зөрчилдөөн бүхий нөхцөл байдалд харилцан ойлголцох, зөвшилцөх, санаа бодлоо уудлан ярилцахыг хүсэх боловч үүнд нь гүүр болж зуучлан туслах мэргэжилтэн нэгэн үе үгүйлэгдэж байлаа. Энэ бэрхшээл, хүндрэлийг одоо Эвлэрүүлэн зуучлагчид шийдвэрлэж байна. Эвлэрэл нь зөвхөн маргааны талуудаар хязгаарлагдахгүй, НИЙГЭМД ашигтай, үр нөлөөтэй ажиллагаа юм.

Цаашлаад хүмүүсийн төдийгүй аж ахуй нэгж, бизнесийн байгууллага хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоож, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан хувилбараар сонгох, хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх, мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой зэрэг олон сайн талтай. Шүүх, арбитраар явж олон жилийн түншлэл, цаашдын хамтын ажиллагаагаа алдаж, нөхөрлөл, ажил хэргийн харилцаагаа дуусгавар болгох, нэг нэгэндээ дайсагнахыг хэн бүхэн хүсэхгүй. Нийгмийн харилцаанд найрсаг байдал, хамтын ажиллагаа, эвлэрэл зохицлыг хадгалж үлдээх чухал арга хэрэгслийн нэг бол яах аргагүй ЭВЛЭРЭЛ юм.

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа яаж хэрэгждэг талаар товч дурдвал: Тухайн шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчид ажилладаг бөгөөд энэ ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эвлэрүүлэн зуучлагч явуулдаг. Талуудын харилцан ярьсан бүхий л зүйлийг нууцлан хадгалж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэж оролцоход тусладаг. Талуудын хувьд харилцан ойлголцох нь хамгийн чухал.Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь заавал нотлох баримт шаардаггүйгээрээ давуу талтай.

Тухайлбал иргэний эрх зүйн маргааны зохигч этгээдүүд нь найз нөхөд, ах дүү, хамаатан садангууд байдаг. Тийм учраас хоорондоо ихэнхдээ л нотлох баримтгүй итгэлцлийн хүрээнд аман хэлбэрээр хоорондоо мөнгө зээлдүүлж, зээлсэн өөрөөр хэлбэл ямар нэг гэрээний эрх зүйн маргаан байдаг шүү дээ. Тэгэхээр талуудын өөрсдийнх нь шийдэл бодит амьдралд илүү их нийцдэг тул эвлэрүүлэх ажиллагаа ямар их хэрэгтэй болох нь доорх жишээнээс харагдаж байна.

Жишээ нь: Н нь найз Б-дээ 10,000,000 төгрөг зээлдүүлсэн. Дотны итгэлтэй хүн учир гэрээ байгуулахгүйгээр мөнгөө өгсөн байж. Б нь хугацаандаа мөнгөө өгөөгүй тул Н нь зээлдүүлсэн 10,000,000 төгрөг хүү 1,000,000 төгрөгийг өгөхийг түүнээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б-д нэгэн өмгөөлөгч зөвөлгөө өгөхдөө бичгээр гэрээ байгуулаагүй тул зээлийн хүү төлөхгүй гэснийг Б мэдэж, хүү төлөхгүй гэж татгалзсан. Үнэхээр хуулинд зээлийн хүү тохирохдоо бичгээр гэрээг байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй. Энэ тохиолдолд эвлэрүүлэх ажиллагаа явуулж талуудыг уулзуулж ярилцуулахад магадгүй Б мөнгийг нь зөндөө л хэрэглэсэн мэдээж банкнаас авсан бол зээлийн хүү төлөх л байсан гэж ойлгоод 11,000,000 төгрөгийг тодорхой хугацаа заагаад төлье гэж тохирох, эсвэл Н нь найз Б-г орлогогүй хэцүү байгаа юм байна гэдгийг ойлгоод хүү шаардахаа болъё гэж шийдэх олон боломжууд бий. Ингээд дээрх байдлаар өөрсдөө маргаанаа шийдвэрлэх нь олон талын ач холбогдолтой юм.

Эвлэрүүлэн зуучлагчид нь орон тооны болоод орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч гэж бий. Улсын хэмжээнд орон тооны 45 эвлэрүүлэн зуучлагч байдаг бөгөөд орон тооны бус 600 гаруй эвлэрүүлэн зуучлагчид байдаг юм.

Эвлэрүүлэн зуучлалаар хуулинд Гэр бүлийн эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхээр хуулинд заасан хэдий ч хугацаа хэтэрсэн өр төлбөрийн маргаан, хөршийн харилцаанаас үүссэн маргаан, утасны төлбөрийн маргаан гэх зэрэг маргаануудыг бас шийдвэрлэдэг.

Гэр бүлийн эрх зүйн маргааныг бол шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр эхний ээлжинд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар заавал орсон байх шаардагатай гэж заасан байдаг. Гэр бүл элэг бүтэн, сайхан амьдарч байж улс орны минь ирээдүй сайн сайхан явах учраас энэ бодлогын цаад санаа нь гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэж буй нь сайн тал болж байна.

Монгол улсын хэмжээнд энэ оны хагас жилийн байдлаар эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлсэн маргааны 70.6%-д эвлэрэл амжилттай явагдсан дүн мэдээ бий. Иргэд хуулийн этгээд 2016 оны хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 7420 өргөдөл гаргаснаас 5695 маргааныг эвлэрүүлэн зуучлагч нар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 4023 маргаан буюу 70.6%-д нь эвлэрэл амжилттай болсон бол 1672 маргаан буюу 29.4%-д нь эвлэрэл амжилтгүй болжээ. Эвлэрэл амжилттай болсон өргөдлийн шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хэмжээ нь 3.8%-иар өссөн бол эвлэрэл амжилтгүй болсон өргөдөл 3.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжаар улсын төсөвт 116,537,840 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжаар төвлөрүүлсэн байна.

Үүнээс харахад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ачааллыг багасгахаас гадна шударга ёс, хүний эрхийг хамгаалах, улмаар үндэсний эв нэгдлийг хангах, иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болсон бөгөөд цаашид ч энэ тогтолцоо маань эрчимтэй хөгжиж, олон иргэд, гэр бүлийг эвлэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Эвлэрүүлэн зуучлагч:Э.Эрдэнэтуяа

. . .