-1

“Хагарсан шаазан шиг байсан амьдрал минь бүтэн болcон”

2016-10-18 00:00:00    |   114

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо нь "Иргэний болоод гэр бүлийн хэрэг маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэхээр зорилт дэвшүүлсэн байдаг бөгөөд” энэхүү төсөл нь манай улсад амжилттай хэрэгжин үр дүнгээ өгч байгаа билээ. Ер нь хүмүүс өөрсдөө л маргааныг үүсгэгч субьект нь болдог. Нэгэнт үүссэн ийм нөхцөл байдлыг хүмүүс өөрсдөө буулт хийх, бие биенээ ойлгож уучлах, эв зүйгээ олох ямар боломж байна тэр хэмжээгээр харилцан тохиролцож, шийдвэрээ гарган маргааныг дуусгана гэдэг бол маш том соёл, ухамсар, хүнд байх ёстой ухааны хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь аливаа маргааныг талууд хоорондоо харилцан ярилцаж, өөрсдөө шийдвэрлэх процессийг хэлдэг бөгөөд түүнд нь эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг өгч, чиглүүлэх үүрэгтэй юм. Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дах сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар амжилттай эвлэрсэн нэгэн гэр бүлийн талархсан сэтгэгдлийг хүргэж байна.

 

Мөнхжаргал овогтой Ууганбилэг миний бие нөхөр болох Өрнөх овогтой Хадчулуунтай 2003 онд албан ёсны гэр бүл болж, 2004 онд том хүү Төгөлдөр, 2008 онд охин Тэмүүлэн гэж 2 хүүхдийн ээж аав болсон. Түүнээс хойш 2011 онд гэр бүлийн таарамжгүй байдлаас болж тус тусдаа 5 жил амьдарсан. Энэ хугацаанд хүүхдүүд минь миний асрамжинд байсан. Түүнчлэн 2016 оны 09 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дах сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор өргөдөл гаргасан билээ. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч өргөдлийг хүлээн авснаас хойш биднийг дуудан ирүүлж уулзалт зохион байгуулсан. Бид эхний уулзалтаар нэг их зүйл ярилцаж чадаагүй. Учир нь хэсэг хугацаанд тусдаа амьдарсан байсан тул биенээсээ хөндийрч, амьдралын нарийн зүйлүүдийг ярилцаж чадалгүй уулзалт дууссан. Гэтэл эвлэрүүлэн зуучлагч маань бидэнтэй дахин уулзалт зохион байгуулах болно мөн ганцаарчлан ижил хугацаанд уулзалт хийж болох талаар бидэнд санал болгосонд нь их баярласан. Учир нь би ээж хүн, 2 хүүхдээ өнчин өрөөсөн эцгийн хайрыг мэдрүүлэлгүй өсгөхийг үнэхээр хүсээгүй. Тиймдээ ч би эвлэрэх бүх талын аргыг хайдаг байсан юм. Ингээд бидний элэг бүтэн амьдрал, үр хүүхдүүдийн минь ирээдүйг зөв чиглүүлж, амьдралын мөн чанарыг ойлгуулж, олон сайхан зөвлөгөөнүүд өгсөн эвлэрүүлэн зуучлагч Эрдэнэтуяад маш их баярлаж байна. Амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын минь бүх гэр бүл элэг бүтэн, эрүүл саруул сайхан амьдрах болтугай.

Эхнэр М.Ууганбилэг

2016.10.18

Ө.Хадчулуун миний бие эхнэр Ууганбилэгээсээ салаад 5 жил тусдаа амьдарсан. Би 2011 онд цэргийн алба хааж ирсний дараа архи их ууж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн эхнэр, үр хүүхдүүдээ зовоодог байсан. Тэгээд миний энэ муухай зан авираас болж эхнэр хүүхдүүд минь намайг орхиж салах болсон юм. Энэ хугацаанд би 2 хүүхдээ эцэггүй хүүхдүүд шиг өнчрүүлж зовоож, холбоо барилгүй өөр хүүхэнтэй нэр холбогдож байсан минь үнэн. Одоо би гаргасан алдаа дутагдлаа бүгдийг засч, залруулан эхнэр хүүхдүүдээсээ уучлалт гуйж хамтдаа элэг бүтэн сайхан амьдарч байгаадаа баяртай байна. Мөн эцэг хүний үүргээ ухамсарлаж үр хүүхдүүд болон ханиа халамжилж айлын дайтай айл явах болно гэдгээ амлаж байна. Цаашид тэр хүнтэй ямар ч холбоо сүлбээгүй болж цэг тавьсан бөгөөд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхгүй эхнэр 2 хүүхэддээ үнэнч байж чин сэтгэлээсээ хайрлан амьдрах болно. Түүнчлэн аливаа асуудалд хүлээцтэй хандаж, хичээж амьдарна. Эцэг эхчүүд бид чинь үр хүүхдүүдийнхээ ирээдүйн "толь” нь болох учраас тэдэндээ үлгэр дуурайлал болж амьдрах ёстой гэдгийг ойлгоогүй явжээ. Энэ хагарсан шаазан шиг амьдралыг минь бүтэн болгож, хүний амьдралд үр хүүхэд, хань ижил, гэр орон гэдэг үнэхээр дээд аз жаргал гэдгийг ойлгуулж, амьдралын сайн сайхан зүйлүүдийг зөвлөж, чиглүүлж өгсөн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа танд чин сэтгэлээсээ талархаж байна. Таны ажил амьдралд аз жаргал хүсье.

 

Таныг хүндэтгэсэн: Ө.Хадчулууны гэр бүлээс

2016.10.18

. . .