БАЯН-ОВОО СУМАНД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА.
2017-02-06 00:00:00 | 160Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, Шүүн таслах ажиллагааны 2015, 2016 оны харьцуулсан мэдээлэл, Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдолыг ард иргэдэд таниулах, Шүүхэд хэрхэн хандах, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар мэдээлэл өгөх, иргэдийн санал сэтгэгдлийг сонсох, судалгаа авах зорилгын хүрээнд тус шүүхийн харьяа Баян-Овоо суманд 2017 оны 02 дугаар сарын 03-нд Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газартай хамтран нүүдэллэн ажиллалаа.
Шүүхийн 2015, 2016 оны шүүн таслах ажиллагааны товч тайлан, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль шүүгч Г.Солонго, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль” "шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол” шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, шүүгчийн туслах Н.Нарантуяа, эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл хэрхэн бичих зэрэг мэдээлэл бүхий гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаар хэвлэмэл хуудсуудыг иргэдэд тарааж, шүүхийн талаарх мэдээ мэдээллийг танилцуулан ажилласан байна.
Мөн "ИРГЭН ТАНД ТУСЛАЯ” сэдэвт мэдээллийн самбарыг орон нутгийн удирдлагуудад гардуулан өгсөн бөгөөд самбарт шүүхийн тайлан болон шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл хэрхэн бичих, нэхэмжлэлийн загварууд болон шүүхийн мэдээллийг авч болох цахим холбоосууд зэрэг иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллүүдийг байршуулсан бөгөөд цаашид тогтмол мэдээ мэдээллээ шинэчлэн байршуулахаар тогтлоо. Инэснээр шүүхийн талаарх мэдээ мэдээллийг иргэд илүү ойр, хурдан шуурхай хэлбэрээр хүлээн авах таатай боломж бүрдсэн юм.