-1

“Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг нээлээ

2018-03-26 00:00:00    |   123

Монгол Улсын нийт шүүхийн хэргийн хөдөлгөөний мэдээллээр олон нийтийг хангах боломж бүхий "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2018.03.26)-нд нээлээ.

 

"Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүгчдийн төлөөлөл, тамгын газрын дарга нар оролцов.

 

Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвтэй болсноор шүүхийн захиргааны төв байгууллага хүний нөөцийн зохицуулалт хийхээс гадна шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх боломж бүрдэж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцолсон юм. Тэрбээр "Монгол Улсын нийт шүүхийн статистик мэдээллийг "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-өөс харах боломжтой. Статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бодлого тодорхойлох, тодорхой асуудлыг шийдэх бололцоо бүрдэж байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн. 

 

Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системүүдэд тулгуурласан "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн цахим мэдээлэл нь гурван үндсэн бүтэцтэй. Шийдвэрлэсэн, хүлээн авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн ерөнхий мэдээлэл болон хойшилсон, түдгэлзүүлсэн, хугацаа хэтэрсэн хэргүүдийн талаарх нарийвчилсан мэдээлэл байх юм. Мөн дотоод мэдээ буюу хэргийн хөдөлгөөний нарийвчилсан мэдээг судалгааны чиглэлээр ашиглах боломжтой. Үндсэн буюу Монгол Улсын шүүн таслах ажиллагааны мэдээг хагас, бүтэн жилээр "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-өөс авах боломжтой юм. "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн цахим сисемийн архитектурын талаар Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, референт Э.Амарсанаа нар танилцууллаа.

Уг төв нь иргэд, судлаачдад нээлттэй байх юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .