-1

ӨМНИЙН ГОВИЙНХНЫ ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛЭЭР АМЬГАЛСАН ӨДРҮҮД

2015-11-25 00:00:00    |   160

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж өнгөрсөн долоо хоногийн турш Дундговь, Өмнөговь, Төв аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудын ажлыг байрыг нүдээр үзэж, санал сэтгэгдлийг нь нээлттэй сонссон нь түүний хувьд ээлжит томилолт юм. 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албаа авснаас хойш хөдөө орон нутгийн шүүхүүдээр явсаар тэн хагасаас илүүд нь зочлоод байгаа түүний томилолтын бас нэгэн том зорилго нь иргэдтэй уулзаж, шүүх хэрхэн ажиллаж, шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа талаархи бодитой үнэлгээг сонсох байв.

Үүний зэрэгцээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц, түүний ололт амжилт, учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар иргэд, олон нийтэд тайлбарлаж явсан нь ярьсан болоод яриулсан аль алиндаа нүд, чихэнд наалдацтай ажил боллоо.

Шүүхийг гарын арван хуруу шигээ олон жил судалсан, төрийн онол, Үндсэн хуулийн эрх зүйгээр салбартаа урдаа барьдаг энэ эрдэмтнийг Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийн автор, ачааны хүндийг үүрэгч хэмээн нэр цохсон бол саяхны нэгэн хэвлэл "шүүхийн манаач” хэмээн тодотгосон байв. Монгол улсад анх удаа бие даан байгуулагдсан шүүхийн захиргааны байгууллагыг толгойлж шүүх, шүүгчийн "арын албанд” зүтгэх үүрэг хүлээсэн Н.Лүндэндорж дарга шүүхүүдэд ажиллахдаа бага ярьж, их сонсох зарчим өвөртөлжээ.

Ирэх жилд 90 жилийн ойтойгоо золгох Монголын шүүхүүдэд шалган туслах хэмээх содон хэлц үг байдаг юм байна. Дээд шатны шүүх нь доод шатны шүүхээрээ явж, ажил байдалтай нь танилцахыг ийнхүү нэрийддэг бөгөөд Н.Лүндэндорж даргын томилолтын зорилгыг ч мөн дээрхээр нэрлэх нь чихний үзүүрт сонсогдсон. Богино хугацаанд чамлалтгүй амжилтанд хүрсэн шүүхийн шинэтгэлд сэтгэл зүтгэлээрээ хүч нэмсэн шүүгчиддээ талархал илэрхийлсэн шүүхийн захиргааны байгууллагын дарга тэдний ажлыг шалгаж, дүгнэх гэж ирээгүйгээ ярианыхаа эхэнд онцолж явлаа. Тиймээс түүний томилолт албан тушаалтнуудын албархаг төрхөөс тэс өөр, эерүү энгийн байдлаар өрнөх аж. Хуучинтай харьцуулахад одоогийн шүүхүүдийн гол фигур нь Шүүхийн тамгын газрын дарга болж. Тэр хүн шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэхийн тулд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэгч тул шинэ бүтэц, зохион байгуулалтаар шүүх хэд хэдэн ерөнхий шүүгчтэй болсон учраас хэн нэгэн шүүхэд нөлөөлнө, хэрэг маргаан ярихаар шүүгчид ойртоно гэж мөрөөдөхийн аргагүй болж. Шүүхийн шинэтгэлийн дагнасан шүүхийн тогтолцоо ингэж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг дархалж чаджээ.

Очсон шүүх бүртээ шүүгч, ажилтнуудтай 2 цаг, "Хууль тайлбарлах онол, арга зүй” лекцээ 2 цаг, иргэдтэй уулзалт хийхдээ 2 цаг гээд нийтдээ 6 цаг тасралтгүй ярьж явсан Н.Лүндэндоржийн шүүхийн шинэтгэлийн мөн чанар, түүнийг хийж хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдлууд, шинэтгэлээр бий болсон шүүхийн шинэтгэлийн нүдэнд харагдаж, гарт баригдах ололт амжилтууд, туулж өнгөрүүлсэн замд таарсан болоод тулж ирээд байгаа хүндрэл бэрхшээлийн талаархи энгийн ойлгомжтой, "амттай” яриа нь сонссон хүмүүсийг уйдаах нь бүү хэл соронздох аж. Олон жил Монголын оюуны уурхайд хөдөлмөрлөсөн нэртэй эрдэмтний яриа шүүх эрх мэдэл яагаад эрхэмсэг орших ёстой, шүүгчид яагаад тарчиг тааруу амьдралтай байж болохгүй, шүүхийн шинэтгэл зөвхөн хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн хүмүүсийн асуудал бус улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдал, иргэдийн амь амьдралтай холбоотой асуудал байдаг, юуны учир шүүхийн шинэтгэлийг буугүй хувьсгал гэж дэлхийд нэрийддэг тухай торохгүй урссаар, ундарсаар байлаа гэхэд магтсан болохгүй. Мэддэг бөгөөд чаддагаа ярина гэдэг энэ аж. Түүнтэй дүйх хэмжээний эрдэмтэд, хуулийнхан өөрсдөө энэ дайтай шүүхээ ярьж, ойлгуулж, шүүхийн шинэтгэлд хүч нэмж, дэмжин түрвэл алс зайдуу нутгийн мэдээллээс хол иргэд шүүхийн мөн чанарыг ойлгож, эрх үүргээ илүү ухамсарлах мэт санагдлаа."А.Смит гэж сонгодог онолч улс орон ардчиллын замаар явья гэвэл чөлөөт худалдаа, шударга шүүх 2 байхад л хангалттай гэж хэлсэн байдаг. Шүүхийн шинэтгэл бол өдөр бүр амны үзүүрт ярьж, хийдэг ажил биш. Шүүхийн шинэтгэлийг Монголд эхлүүлэхээс өөр аргагүй гадаад дотоод бодитой шалтгаанууд олон байснаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд бодлогоо дэвшүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарсан, авилга газар авсан, төрийн нөгөө 2 эрх мэдэл шүүх эрх мэдлийг "борцолсон” байдалтай явж ирснээс шүүх "ядуурсан” зэрэг шалтгааны улмаас шүүхийн шинэтгэл хийгдэх болсон” хэмээн ярих Н.Лүндэндоржийн томилолтоос тоймлон хүргэе.

 

 ШҮҮХҮҮД МУУРЫН БАЙШИНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Энэ үгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дуу алдан давтан хэлж явлаа. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн шүүхүүдэд нүүрлэсэн нийтлэг гачигдал бол шүүхийн байрны асуудал байв. Сумын төвд прокурорын байр, нийгмийн даатгалын байр, нутгийн удирдлагын ордон гээд тус тусдаа гял цал сайхан байртай атал шүүх л хаа нэг байгууллагын акталж хаясан, хэдийнээ ашиглалтаас гарсан элэгдэж өмхөрсөн, үнэр танартай байрыг эрүү өвдгөө дэвсэн байж гуйж ордог байдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга дурьдаад энэ тулгамдлыг засах өөрчлөх шүүхийн хөрөнгө оруулалт ноль хувьтай байдгийг учирлав. Мэдээж ийм жижиг давчуу таагүй нөхцөлд туслахуудтайгаа духаа нийлүүлэх шахам суугаа шүүгчдийн эрүүл мэнд, ая тухыг яривал цалин дээр нь хатуурхдаг хууль тогтоох, гүйцэтгэх 2 засаглал "бага давар” гэх биз. Улс төрчид байдлыг нүдээр үзвэл муурын байшингийн зүйрлэл хэтрүүлэг болохгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд УИХ Өмнөговь аймгийн Ханбогд суманд шүүх байгуулах тухай хууль батлахдаа төсвийг нь орхигдуулж орхисны золиосонд тэнд ажиллахаар анх томилогдож очсон шүүгчид тус тусдаа бэрхшээл туулж, хэсэгтээ л "Гул аранжин” гээчийн зутруу амьдралаар хоног төөрүүлж байсныг сонсоход итгэмээргүй. Шүүгчид нь айлаар хоноглож, нүд нүүргүй элс шуурсан зэвэргэн хавраар зүрхээ зүсүүлж зүтгэсээр өнөөдөртэй золгожээ. Өнөөдөр ч навтгар жижигхэн шүүхийнхээ байрыг тойроод архив, номын сан гээд тус тусдаа байрлах тагзан байшин тийш таваргасаар л... Дэлхийн улс гүрнүүдэд хамгийн тансаг архитектуртай түүхэн барилга байгууламждаа шүүх нь ордог. Түүний үнэ хөлсийг төлөөд хамгаалаад явахад нь бүрэн итгэлтэйгээр төр нь шүүхдээ эзэмшүүлж байдаг бол Монголд энэ нь эсрэгээрээ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ярьсан юм.

 

ШҮҮГЧДИЙН ЗОВХИ ӨӨДӨӨ БАЙНА.

Сүүлийн 3 жил УИХ, Засгийн газартай хэлээ хүртэл заргалдаж, хөлөө хүртэл хөөцөлдөж байж шүүхийн эдийн засгийн баталгааг хүлээн зөвшөөрүүлж чадсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хичээл зүтгэлд шүүгчид талархалтай байна. Хэдий шүүхийн байр умгар, тааруу зутруу ч гэлээ авч байгаа цалингийн хэрээр хариуцлага, ёс зүй, мэдлэг чадвараа ахиулья гэх тэдний сэтгэл зүтгэл нүүрэн дээрээс нь илт. Орон байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөр гээд ар амьдралдаа санаа зовоод өндөлзөөд байхааргүй эдийн засгийн баталгаа нь хангагдсанд шүүгчдийн зовхи өөдөө, сэтгэл өөдрөг байгаа нь очсон шүүх бүрээс анзаарагдлаа. "Бид Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж байгаа ажил, шүүх засаглалд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг сөрж авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг нь байнга анхааралтай ажиглаж, талархаж байдаг. Шүүгчийн мэдлэг чадварыг ахиулах олон сургалтуудыг гол зорилгоо болгож ажиллаж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Үнэхээр өнгөрсөн урт удаан хугацаанд шүүгчид цалингийн асуудлаар ам ангайж байсангүй. Чамлалтгүй тэмцэж байж шүүхийн бие даасан байдал хангагдаж байгааг шүүгч бид хоорондоо талархан ярьж, өөрсдийн хариуцлагаа улам дээшлүүлье гэж хичээж суудгаа та бүхэнд уламжилъя” хэмээн Төв аймгийн шүүхийн шүүгч Э.Ариунаа хэлж байв. Шүүхийн захиргааны байгууллагаас шүүгчдэд чиглэсэн олон төрөл бүхий сургалтуудыг энэ онд түлхүү хийж байгаа нь шүүгчдийн мэдлэг оюуныг цэнэглэхэд нэмэр тусаа ихээхэн өгч байгаа сайшаалтай ажлуудын нэг ажээ.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН, ОРОН ТООНЫ ДУТМАГШИЛ

Шүүх гэдэг хуулийн чанд хугацаанд багтан ажил үүргээ гүйцэтгэдэг онцгой засаглал. Тиймээс шүүгчид заримдаа өвдсөн ч өвдөөгүй мэт, оройтсон ч шөнө дөл болтол тушаал авсан цэрэг мэт ажилладаг. Говийн аймгуудын шүүхүүдэд орон тоо, шүүх бүрэлдэхүүний дутмагшил мөн л хүндрэлтэй асуудал болж байна. Хүнээ дагаад орон байр, цалин хангамж гээд мөнгө төсөв яригдана. Шүүгчид аймаг сумдад нүүдэллэн ажиллахад мөн л томилолтын зардал, унаа тэрэгний бэрхшээл гардагт Шүүхийн тамгын газар дор бүрнээ зовлон тоочих нь аргагүй. Үүнээс болоод амаржаад удаагүй шүүгчээ бүрэлдэхүүнтэй хуралд дуудах, бие муудсан ч гозойгоод сууж байх нь энүүхэнд аж.

 

ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛД ИРГЭД АМ САЙТАЙ БАЙНА.

"Толгой нь нэг ч удаа амардаггүй хүнд хөдөлмөр бол шүүгчийн ажил. Тэдний цалин тарчиг ядуу байж болохгүй. Шүүхийн шинэтгэлийн үйл явц эрчимжээд 3 жил болж байна. Гэхдээ энэ бол гуравхан жил хийдэг амар хялбар ажил огт биш. Одоо биднийг хийснээсээ илүү хийх ажил хүлээж байна. Шүүхийн шинэтгэлийн ололт амжилтыг өлгийдөх, бэхжүүлэх ажил ирлээ. Шинэтгэл маш их саад бэрхшээлтэй нүүр тулж байгаа. Цаашдаа ч тулах болно. Шүүхийг хараат бус болгох нь ард түмний биш эрх мэдэлтнүүдийн эрх ашигт нөлөөлдөг. Иргэд та бүхэн шүүхийн шинэтгэлд нүд хурц, хяналт өндөр байгаарай” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж захиад шүүхийн шинэтгэлийн амин судас, шөрмөсийг нэг бүрчлэн ялгаж зааглаж ярив. Шүүх хэвийн ажиллахын тулд ямар олон асуудлууд өрнөж байдаг, түүнийг төрөөс ямар "нүд сэтгэлээр” харж хангаж, ард иргэд нь хэрхэн үнэлж дүгнэж байдаг, дэлхийд шүүх засаглал ямар түвшинд авч үзэгддэг тухай олон цаг үргэлжлэх эрдэмтэн хүний яриа давтагдах, сунжрах нь үгүй. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдэг. Энэ үзлээр голдуу шүүхийг хардаж байснаас үнэндээ дотор луу нь өнгийж уудалж тунгааж байсан маань юу билээ гэж эрхгүй бодогдлоо. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд өрнөж байгаа шүүхийн үйлчилгээний шинэ стандарт, шүүхийн ажилтнуудын зан харьцаа, иргэдэд хандах хандлага, шүүхийн шийдвэрийн талаар Говийн иргэд гомдол тэмцэл тавьбал хугацаа хангалттай байлаа. Микрофон ажиллахгүй байна аа хэмээн Н.Лүндэндорж даргын үгэнд идэвхийлэн чих тавьж эхэлсэн иргэдийн уулзалт шинэтгэлд амжилт хүссэн талархал, эргэн уулзах ерөөлөөр өндөрлөв. Шүүхийн шинэтгэл, шүүх гэх их айлын бодит байдлын талаар цэгцтэй мэдээллийг авсан иргэд сэтгэл хангалуун алхалж харагдана.

Шүүх, хуулийн байгууллагынханд "Хууль тайлбарлах онол арга зүй” лекц уншиж, хотоос ганзагалж очсон ховор содон номуудаа шүүгчдэд гардуулж, цаг завтай үедээ "зэврэлгүй” байнга мэдлэгээ ахиулж байхыг хүссэн Н.Лүндэндорж энэ өдөр тасралтгүй 6 цаг гаруй ярьжээ. Эрдэмтэн хүний тархи зүрх, эрдэм мэдлэг шүүх засаглал, шүүхийн шинэтгэлд харамгүй зориулагдаж байгаад шүүгчид олзуурхан талархаж явдагаа уулзалтууд дээрээ илэрхийлж байлаа. Өмнийн говийнхны шүүхийн шинэтгэлээр амьсгалсан өдрүүдээс тоймлоход ийм байна.

 

 

 

Ш.Отгонцэцэг

Эх сурвалж: "Өдрийн сонин” 2015.11.25

. . .