-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦОЖ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА.

2016-02-25 00:00:00    |   122

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хууль болон шүүхийн тухай багц хуулийн талаар мэдлэг мэдээллийг хаанаас авч байсан бэ?

 Шүүх шинэчлэгдлээ, шүүх ил тод боллоо гэж их яригдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллийг харьцангуй их хийдэг болсон байсан. Хэвлэл мэдээллийн салбараас л шүүхийн шинэтгэл хийгдэж байгаа болон шүүх ил тод болж байгаа талаар сонсож мэдсэнээс хэрхэн шинэчлэгдэж ямар үр дүнд хүрч байгааг биеэр үзэж мэдээгүй байлаа. Харин анх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон тухай минь шүүх хурал болохоос 6 хоногийн өмнө мэдэгдэх хуудас гэрийн хаягаар ирж, утсаар мэдэгдэн боломжтой үедээ шүүхийн байранд ирж шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж ямар үүрэгтэй ямар ач холбогдолтой талаар болон шүүх хуралдаанд оролцохын ач холбогдлыг бүрэн танилцуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх үүргийг сайхан тайлбарлаж өгсөн бөгөөд хэргийн материалтай танилцах эрхийн дагуу хэргийн материалыг бүрэн танилцуулсан.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, үр дүнгийн талаар ямар ойлголттой байна вэ? 

Шүүхийн шинэтгэл хэрхэн хийгдэж байгаа болон шүүх хуралдаан хэрхэн явагддаг, шүүгчид хэргийг хэрхэн үнэнч шударгаар шийдвэрлэдэг талаар өнгөц ойлголттой байжээ. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, шүүхийн шинэтгэл, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүгчдийн хэрэг маргааныг хэрхэн зөв шударгаар шийдвэрлэж байгаатай биечлэн танилцаж, шүүхийн шинэтгэлд иргэн хүнийхээ зүгээс оролцож байгаа минь баяртай сайхан үйл явдал байлаа.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох явдал танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох нь таны шүүхийн талаар өмнө тогтсон ойлголт сэтгэгдлийг өөрчилж чадсан уу? 

Бидний үеийн иргэд бол хууль шүүхийн байгууллагаас дуудагдахаас аль болох татгалзаж, шүүхийн босгоор алхаж орохоос айж эмээдэг тийм л үзэлтэй байсан улс. Хуулийн шаардлага хангасан иргэн шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн хэнээс ч хараат бусаар шүүх хуралдаанд оролцон, шүүгчид хэрэг маргааныг хэрхэн үнэн шударгаар хуулийн дагуу шийдвэрлэдэг, шүүхийн иргэдийн төлөөлөгч ямар ач холбогдолтой, шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд зүгээр нэг суух биш хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа, шүүгдэгчийн гэм буруутай нь шүүх хуралдаанаар бүрэн нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт гаргаж хэрэгт хавсаргадаг зэргийг тайлбарлаж өгсөн. Жирийн малчин хүний хувьд шүүхийн байгууллагын шинэтгэлийг биеэр үзэж мэдэх, иргэний хувьд шүүхийн шинэтгэлд хувь нэмрээ оруулах, иргэний үүргээ биелүүлэх боломж олдсонд олзуурхан талархаж байна. Шүүхийн байгууллага үнэхээр шинэчлэгдэн ил тод болж байгаа гэдэг нь мэдрэгдэж байна. Та бүхний цаашдын ажил үйлст тань өндөр амжилт хүсье...

 

. . .