“Шударга ёсыг тогтооход гар бие оролцож буй хүмүүс”
2018-03-12 00:00:00 | 116Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хууль ямар учраас батлагдах болсон бэ?
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар ярихын өмнө юуны түрүүнд өөрийн шүүхийн талаар товч танилцуулах нь зүйтэй. Манай шүүх 2012 оны шүүх байгуулах тухай хуулийн дагуу анх 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт гарсан эрүүгийн хэрэг, иргэний хэрэг маргаан, захиргааны зөрчлийг харьяалан шийдвэрлэхээр байгуулагдсан. Нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
2012 онд Шүүхийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдаж, шүүхийн шинэтгэлийг эрчимтэй хийж эхэлсэн. Энэ шинэтгэлийн хүрээнд хийсэн нэг том ажил бол Шүүхийн иргэдийн төлөөлөгч юм.
Нийгмийн хөгжлөө дагаад Шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо ихэссэн энэ үед шүүхэд иргэдийн хяналтыг бий болгох шаардлага тулгарсан. Ингэхийн тулд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдах болсон гэж ойлгож болно.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж яг ямар хүнийг хэлээд байна вэ? Та уншигчдад илүү ойлгомжтой тайлбарлаач.
Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдалтай холбоотойгоор "Шүүх” гэдэг үгийг сонсмогц ямар нэгэн таагүй, сөрөг сэтгэгдэл төрөх, шүүх хуралдаанд оролцохоос айх, төвөгшөөх, түүнээс аль болох хол байхыг хүсэх зэрэг буруу ойлголт түгээмэл байдаг. Эрх зүйт нийгэмд амьдарч буй иргэн та хэний ч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд шүүх хуралдаанд оролцож магадгүй учраас санаа зовох, цэрвэх шаардлагагүй.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Анхан шатны шүүхээр эрүүгийн, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцохоор сонгогдсон Монгол Улсын иргэнийг Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж ойлгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нийт иргэдийг төлөөлөхөөр сонгогдож шүүх хуралд оролцох иргэнийг хэлээд байгаа юм.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ямар шаардлагыг хангасан хүн сонгогддог вэ?
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр дараахь шаардлагыг хангасан иргэн сонгогдоно. Үүнд: Монгол Улсын иргэн байх, 25 нас хүрсэн байх, ял шийтгүүлж байгаагүй байх, монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, сонгогдох үедээ эрүүгийн, иргэний болон захиргааны хэргийн оролцогч бус байх, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх гэсэн шаардлагыг хангасан иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоно.
2018 онд манай анхан шүүхийн харьяалах нутагт дэвсгэрт хамаардаг. Цогтцэций сумаас-50, Баян-Овоо сумаас-40, Манлай сумаас-24, Ханбогд сумаас-16, нийт 126 иргэдийн төлөөлөгч сонгогдсон байгаа. Одоогийн байдлаар 2 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон байгаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог вэ? Нэг сонгогдсон иргэн байнга шүүх хуралд суух уу? Энэ талаар тодорхой тайлбарлаач?
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо тухайн орон нутгийн хүн амын тоог үндэслэн баталсан жишиг тоог харгалзан иргэдийн төлөөлөгчийн нэрийн жагсаалтыг тухайн орон нутгийн анхан шатны шүүхийн тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргана. Ингэхдээ эхлээд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах боломжтой иргэдийн нэрсийг тухайн нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас гаргана.Уг нэрсийн жагсаалтаас тусгай програмын тусламжтайгаар санамсаргүй байдлаар сонгодог. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгчийг ямар нэг шүүгч болон ажилтны үзэмжээр сонгодоггүй.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох нь шүүх хуралдаанд оролцож байх байнгын ажил үүрэг биш. Та зөвхөн тухайн тохиолдлыг шийдвэрлэх хугацаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэгтэйгээр оролцоно. Өөрөөр хэлбэл, Та жилд нэг удаа л шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоно. Ийнхүү олон мянган хүнээс иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бол та "баярлан” хүлээж аваарай.
Шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг оролцуулах нь ямар ач холбогдолтой вэ?
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулснаар, иргэн таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны хууль эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүхэд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд тухайн шүүх хуралд хүрэлцэн ирэхгүй бол ямар үр дагавар үүсэх вэ?
Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах тухай мэдэгдэх хуудсыг хурал болохоос өмнө тухайн иргэнд буюу түүний ажил олгогчид хүргүүлнэ. Ажил олгогч ажилтанд чөлөө олгох үүрэгтэй бөгөөд олгоогүй тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуулинд тусгагдсан. Иргэдийн төлөөлөгч нь сонгогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагын арга хэмжээ авагддаг. Тиймээс иргэн та хуулинд заасан үүргээ биелүүлж, идэвхитэй оролцоорой гэж хэлье.
Эцэст нь хэлэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн дээр хэлсэн үгнээс иш татахад Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй иргэд "Шударга ёсыг тогтооход гар бие оролцож буй хүмүүс” хэмээн тодорхойлсон байдаг.