Харъяа сумдын Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав.
2018-03-22 00:00:00 | 127Улсын Их хурлын тогтоолоор 2012 онд Шүүхийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдаж, шүүхийн шинэтгэлийг эрчимтэй хийж эхэлсэн билээ. Энэхүү шинэтгэлийн хүрээнд батлагдсан нэг том хууль бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль юм.
Уг хуулийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг жил болгон баталдаг бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор тус шүүхэд харьяа сумдын иргэдээс 2018 онд шүүх хуралдаанд оролцуулах "Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр” 127 иргэд (Баян-овоо 40, Цогтцэций 50, Манлай 30, Ханбогд 10) оролцуулахаар баталсан.
Дээрх сонгогдсон Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулахаар харьяа сумдуудыг 2 хэсэгт хуваан томилтоор нүүдэллэж ажиллалаа.
Эхний ээлжинд томилолтоор Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас сонгогдсон 40 иргэдийн төлөөлөгч, Цогтцэций сумаас сонгогдсон 50 иргэдийн төлөөлөгч нарт 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохийн ач холбогдол, Зөрчлийн тухай хууль сэдвээр шүүгч С.Өлзий-Отгон, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн өргөдөл гаргах вэ” сэдвээр эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар сургалт хийлээ.
Мөн энэхүү сургалтын үед сумын иргэд идэвхтэй оролцож мэдээ мэдээлэл авсан бөгөөд иргэдээс нийт 10 нэхэмжлэл, 4 хүсэлт хүлээн авч иргэдийн сонирхсон асуултанд мэдээлэл өгсөн ба шүүхэд хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарх хэвлэмэл хуудсуудыг иргэд хөдөлмөрчидөд тараан өглөө.
Түүнчлэн тус сумдуудын Засаг даргын тамгын газарт байрлах шүүхийн мэдээ мэдээллийн самбарыг шинэчлэн иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулж ажиллалаа.